Канад улсад ажил хөдөлмөр эрхлэхээр ирэх гэж байгаа хүмүүст хүргэх захидал
Би Канад улсын Торонто хотод амьдардаг. Саяхан сониноос хөдөөний нэгэн эмэгтэй Турк улсад ажил эрхлэхээр очсон тухай уншаад Канад улсад ажил хөдөлмөр эрхлэхээр ирэх гэж байгаа хүмүүст дараах зөвлөмжийг танай сониноор дамжуулан хүргэхийг хүссэн юм.
Канад улсад амьдрах боломжтой юу гэвэл боломжтой. Чухамхүү хэрхэн яаж амьдрах вэ гэдэг сонголтыг зөв хийж тухайн орны талаархи мэдээлэлийг маш сайн цуглуулж гэр бүлийн амьдралын төлөвлөлтийг сайн хийж бэлтгэлтэй ирэх ёстой. Таны хүүхдүүдийн хувьд Канадын болон Кебекийн гэсэн хоёр тэтгэмжтэй цэцэрлэг сургууль бүх юмыг улсаас даана. Кебекээс бусад мужид ганцхан Канадын тэтгэмжтэй. Та маш сайн төлөвлөлт хийж ирсэн тохиолдолд сайхан амьдрах боломжтой. Хэрэв ямар ч мэдээлэлгүй сайхан гэдэгт хууртагдан итгэж ирвэл харанхуй нүхрүү унахтай адил. Энд та бүх юмыг нойлоос эхэлж манай хуулинд захирагдан дахин цоо шинэ амьдралаар амьдрах ёстой гэдэг хууль үйлчилнэ. Учир нь Канад улсын хууль маш чанга боловсролын систем нь маш өндөр шалгууртай зөвхөн өөрийн болон АНУ –ын боловсролын системийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл Канад болон АНУ –н мэргэжлийн дипломтой мэргэжилтэнд ажлын байр нээлттэй. Бусад улсын иргэн тухайн эзэмшсэн мэргэжилээрээ ажиллахыг хүсвэл хамгийн түрүүнд Канадын цагаачлалын болон боловсролын яаманд өөрийнхээ мэргэжлийн дипломын үнэлгээг хийлгэх хүсэлтээ гаргах ёстой. Таны хүсэлтийн дагуу тухайн яам агентлаг таны төгссөн их, дээд сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэлтэйг шалгахаас гадна Канад улсын боловсролын системийн аль түшинд байгааг тогтоож тухайн дипломыг эзэмшигч мөн гэдгийг батлан, дипломын үнэлгээ хийсний дараа тухайн мэргэжлээр ажиллуулах болон дахин суралцах эсэхийг шийднэ. Хэрэв та хүсвэл тухайн мэргэжлээрээ 1-2 жил курст суралцсаны дараа мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой. Дипломын үнэлгээг хийхэд 6-8 сар шаардагдана. Мэргэжлээрээ ажиллахын тулд мэргэжлийн болон хэлний шалгалт өгөх ёстой. Үүний тулд тэтгэлэгтэй 1 жилийн хэлний курст та албан ёсоор суралцдаг онцлогтой. Хэлний хувьд муж бүр өөрийн онцлогтой ихэнх мужууд англи хэлээр ярих боловч Кебек, Монераль мужид франц, англи 2 хэлээр ярьдаг.
Канадын хамгийн том муж болох Францчууд амьдардаг Кебек, Монераль хотууд төрийн үйл ажиллагаагаа франц хэл дээр явуулдаг учраас франц хэл эзэмших шаардлагатай байдаг. Энд хэлтэй бол хөлтэй гэдэг хууль үйлчилдэг. Франц улсад мэргэжил эзэмшсэн болон франц хэлний мэргэжилтэн, нийгмийн ажилтан болон орчуулагч, эмч сувилагч зэрэг олон төрлийн ажлын байр нээлттэй байдаг. Учир нь энд цэвэр франц хэлээр ярьдаг хүмүүс ховор байдагтай холбоотой. Энд мөн л Канад болон АНУ – ын боловсролын системийг хүлээн зөвшөөрдөгөөс гадна Францын боловсролын системийг нааштай хүлээн авдаг. Канад улсад эмч, сувилагчийн мэргэжил чухал ач холбогдолтой ажлын байр ихтэй байдаг. Эмч сувилагч нар дипломын тэнцэтгэлээ хийлгэхийн тулд тухайн харьяа анагаах ухааны коллежид хандан 1 сарын дотор хариу авсаны дараа мэргэжлийн 4, франц хэлний шалгалтийг 1-2 жилийн дотор өгч тэнцсэний дараа ажиллах эрх авдаг онцлогтой. Эмчийн хувьд сувилагчийн коллежи төгссөн бол өндөр үнэлгээ авна. Энд эмч болохын тулд 2 жил коллежид суралцсаны дараа Анагаах ухааны дээд сургуульд ордог сургалтын системтэй.
Мэргэжлээрээ ажиллахын тулд 1-3 жилийг та заавал зарцуулна. Ийм учраас ирэхийн өмнө маш сайн төлөвлөлтийг хийсэн байх шаардлагатай. Нэг нь ажиллана нэг суралцана гэдгийг битгий мартаарай.
Харин мэргэжлийн бус ажил хийж амьдрана гэвэл хөдөлмөрийн биржд хандан ажил гарсан тохиолдолд цагийн 8-9 канад долларын ажлыг хийх боломжтой.
Канадад ирэхийн тулд хэнд яаж хандах ёстой вэ гэдэг маш чухал. Энд ихэнх гэр бүл бараг 90% нь зуучлалаар дамжиж ирсэн байдаг. Маш их мөнгө 8-10 мянган долларыг зөвхөн зуучлалд үргүй зарцуулсан байдагаа ярьдаг.
Жишээлбэл: Оросын иргэн Анна, Монголын иргэн Саруул гэж хоёр эмэгтэй 7000 доллараар зуучилдаг. Канад улсаас шууд үнэгүй олгодог ногоон картыг 1000 доллар нэмж үнэлж авдаг байх жишээтэй. Ингэж харийн хүнтэй нийлж нутагт нэгтэнээ хуурч мэхэлдэг хүмүүсээс болгоомжлоорой. Тэд мөнгөө авч байвал л боллоо гэсэн бодолтой. Тэд амьдрал маш сайхан бүх юм ОК гэж хууран авчираад хаядаг. Хэлгүй хүмүүс хаана яаж хандахаа мэдэхгүй нутаг нэгтэнээ бараадан хамаг мөнгө цаг хугацаагаа алддаг явдал их байна. Ийм учраас маш сайн мэдээлэлийг нутаг нэгтнүүдээсээ авч байх хэрэгтэй. Дээрхи 2 иргэн тэдний зуучлалын мөнгөөр амьдраад , зуучлуулаад ирсэн хүмүүс нь хохироод үлдэж болохгүй шүү дээ. Хүн хүнээ хайралдаг байх ёстой шүү гэдгийг л дахин дахин сануулж байна.
Манай гэр бүл, манай найз нөхөд бид зуучлалгүйгээр өөрсдөө хандаад 2-3000 доллар зарцуулаад л ирсэн.
Тэгэхэд бусад гэр бүл карманд байх ёстой 10. 000 доллараа зуучлалд зориулаад дахиад өр тавиад түүнийгээ ажил хийгээд төлнө гээд энд ирж байна шүү дээ энэ бол бүтэшгүй зүйл гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
Хэрэв та бүхэнд асуух зүйл байвал бидэнд хандаарай бид та нарт маш сайн зөвлөгөө өгч туслана.
|